ЭМЯ: Гурван хүнээс коронавирус илэрлээ

2020-11-04

Улсын хэмжээнд ойрын өдрүүдэд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцуулж байна. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "Монгол Улсад 2020 оны арваннэгдүгээр сарын 2-3-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн явуулын авто лабораторид, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораторид нийт 613 хүний шинжилгээ хийхэд гурван хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. 

Аравдугаар сарын 20-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрсэн.
Арваннэгдүгээр сарын 2-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ТИР ачааны жолоочоос коронавирус илэрсэн. Уг хүн нь 33 настай эрэгтэй, ОХУ-ын иргэн. 

Сүүлийн үед ачааны тир машины жолооч нараас коронавирусийн халдвар илрэх нь ихсэж байгаа нь бидний анхаарлыг татаж байгаа. ХӨСҮТ-д ачаа тээврийн 16 жолооч эмчлэгдэж байгаагаас 12 нь гадаадын иргэн байна.

Монгол Улсад батлагдсан тохиолдол 352 боллоо. Халдварын улмаас ХӨСҮТ-д 38 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг нь үнэлбэл 30 нь хөнгөн, 8 нь хүндэвтэр. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 68 хүн ажиглалт тандалт, эмчилгээнд байна" гэв.