Эрүүл мэнд, Сангийн сайд нарын хамтарсан зөвлөгөөн болов

2020-09-18

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүс, Зүүн Өмнөд Азийн бүс, Япон Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагууд хамтран “Ази, Номхон далайн бүс нутагт Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг өргөжүүлэх нь” сэдэвт Эрүүл мэнд, Сангийн сайд нарын хамтарсан өндөр түвшний зөвлөгөөнийг 2020 оны есдүгээр сарын 14 болон 17-ны өдрүүдэд тус тус цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Зөвлөгөөнөөр бүс нутаг дахь шинэ коронавирусын халдвартай тэмцэх, тархалтыг хязгаарлах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа эрүүл мэндийн арга хэмжээнүүд болон төсвийн дэмжлэг, хөрөнгө оруулалтын нөхцөл байдлын талаар хэлэлцлээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Азийн хөгжлийн банк, Зөвлөгөөнд оролцогч улс орнуудын Засгийн газруудын зүгээс цар тахалтай тэмцэх хүчин чармайлтаа нэгтгэж хамтран ажиллах замаар хамтын үр дүнд хүрэхийг онцолж, улмаар эрүүл мэндийн салбарыг бэхжүүлэхийн тулд тасралтгүй байдлаар тогтвортой төсвийн хөрөнгө оруулалт хийх нь эргээд улс орны эдийн засгийн өсөлт хөгжлийг дэмжих орчныг бүрдүүлнэ гэдгийг дуу хоолой нэгтэйгээр чухалчлан тэмдэглэв.

Зөвлөгөөнд Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Эрүүл мэндийн яамны холбогдох ажилтнууд оролцов. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын зарим ажилтнууд ажиглагчаар оролцов.

 

 Эрүүл мэндийн яам