ОХУ ирэх долоо хоногт эмнэлгийн ажилтнуудаа коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулж эхэлнэ

2020-08-21

Наймдугаар сарын 11-ний өдөр ОХУ коронавирусийн эсрэг вакциныг бүртгэж, зөвшөөрөл олгосон дэлхийн анхны орон болсон билээ.

Гамалейн нэрэмжит Эпидемиологи, Микробиологийн Хүрээлэнд бүтээсэн “Sputnik V” нэртэй энэхүү вакцины сүүлчийн шатны туршилтыг одоо явуулж байгаа. Тэгвэл үүнтэй зэрэгцэн ирэх долоо хоногоос тус улсын эмнэлгийн ажилтнуудыг вакцинжуулалтад хамруулахаар болсон байна.

Вакцины төслийг санхүүжүүлсэн ОХУ-ын засгийн газрын харьяа Оросын Шууд Хөрөнгө Оруулалтын Сангийн захирал Кирилл Дмитриев энэ тухай өчигдөр мэдээлжээ.

Эмнэлгийн ажилтнуудыг вакцинжуулах ажил сайн дурын үндсэн дээр хэрэгжихийг тэр тайлбарласан байна.

Цаашлаад Орос орон даяар бүх нийтийг вакцинжуулах ажил ч бас сайн дурын үндсэн дээр хэрэгжих ёстойг Дмитриев хэлжээ.

Өчигдөр Гамалейн хүрээлэнгийн дэд захирал Денис Логунов туршилтад хамрагдсан сайн дурынханд вакцин хийлгэсний дараа сөрөг нөлөө илрэх нь бага байгааг ярьсан юм.

Биеийн тариулсан хэсэгт өвдөлт мэдрэгдэх, толгой өвдөх, халуурах зэрэг сөрөг шинж тэмдгүүд хамгийн олон ажиглагдаж байгааг тэр мэдээлжээ.