А.Амбасэлмаа: Томуугийн өвчлөлийн 60-70 хувийг 0-4 настай хүүхэд эзэлдэг

2020-08-21

Манай улсад батлагдсан коронавирусийн 298 тохиолдлоос өнөөдрийн байдлаар 218 нь эдгэрээд байгаа тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн.

Тэрбээр “Өчигдөр 23:00 цагт Хонг Конг-Улаанбаатарын онгоцоор 147 хүн, өнөөдөр 09:00 цагт Истанбул-Улаанбаатарын онгоцоор 266 хүн тус тус ирсэн. Тэдгээр хүнд тандалт, судалгаа шинжилгээ хийх ажил яг одоо эхэлсэн байгаа” гэдгийг хэлсэн юм.

Харин томуу, томуу төст өвчний тухайд “Ер нь томуугийн өвчлөлийн 70-80 хувь нь 0-15 насны хүүхдүүд байдаг. Тэр дундаа 0-4 настай хүүхдийн томуугийн өвчлөл 60-70 хувийг дангаараа эзэлдэг юм.

Жил бүрийн наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхээр томуу, томуу төст өвчин нэмэгдсээр ирсэн. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа удахгүй эхлэх гэж буй учир эцэг, эхчүүд хүүхдээ ханиад, томуу болон коронавирусийн халдвараас сэргийлэх тал дээр сайтар анхаарах хэрэгтэй"-г сануулав.