"CoVid19-ээс сэргийлэхийн тулд ард иргэдээ улирлын томуугийн вакцинд хамруулахыг зөвлөсөн"

2020-08-20

Эрүүл мэндийн яам болон холбогдох албаныхан CoVid19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 216 улс, бүс нутагт CoVid19 бүртгэгдэж, 22 сая 303 мянган хүн өвчилж,  793 мянган хүн эндсэн байна. Харин 15 сая гаруй хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. 

Дэлхийд 24 цагийн дотор 255 мянган хүн шинээр халдвар авч, 6000 гаруй хүн эндсэн.

Манай хөрш ОХУ-д 24 цагийн дотор 4828 гаруй хүн шинээр халдвар авч, 117  хүн энджээ. 

БНХАУ-д 33  тохиолдол шинээр бүртгэгдсэний долоо нь гадаад улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн.

Япон, Солонгос улсад халдварын тохиолдол нэмэгдэж байна. Ялангуяа Японд 1072 гаруй хүн халдвар авч, 14 хүн энджээ. Солонгос улсад 288 тохиолдол бүртгэгдэв. Үүний 12 нь гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн гэж үзжээ. Сүмийн үйл ажиллагаатай холбоотойгоор халдвар голомтлон тархаж байна.

ДЭМБ-аас коронавирус халдвартай зэрэгцэж томуугийн дэгдэлт өндөр байх эрсдэлтэй. Тиймээс коронавирусээс сэргийлэхийн тулд улс орнууд ард иргэдээ улирлын томуугийн вакцинд өргөн хамруулахыг зөвлөсөн.

АНУ-ын эрдэмтэд чийглэг орчинд коронварус илүү орших чадвартайг тогтоожээ.

Манай улсад 2099 хүн тусгаарлалтад байна. Цэргийн төв эмнэлэгт 54 хүн эмчлүүлж байгаагаас гурван хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэлээ.