ОХУ, Бразил зэрэг улсад коронавирусийн халдварын нөхцөл байдал хүнд байна

2020-05-14

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19-ын халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 216 улсад коронавирусийн өвчлөл бүртгэгдэж 4.4 сая хүн өвчилж, 297 мянган хүн нас барж, 1.6 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. 2.4 сая хүн энэхүү өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 83 мянган хүн шинээр COVID-19 халдвар авч, 5000 гаруй хүн нас баржээ. Өвчлөл ОХУ, АНУ, Бразил улсад 10 мянгаар нэмэгдсэн.

Халдварыг хяналтандаа авлаа гэж үзэж байсан Хонконг, БНХАУ, БНСУ-д халдвар дахин голомтлон гарч өвчлөл тархах хандлагатай болж байна.

Манай улс өчигдөр ОХУ-д сурч байсан 340 оюутныг 3 удаагийн тусгай үүргийн нислэгээр авч, тусгаарласан.

Одоогоор манай улсад 1286 хүн ажиглалтад байна. Ажиглалтын байранд 62 эмч, резидент ажиллаж байна.

Өчигдөр 14 чиглэлийн галт тэргэнд 10 эмч ажиллаж,  3754 иргэнд эмч нар хяналт тавьж ажилласан. Энэ үед иргэдээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй.

24 цагт 119 дугаарт 393 дуудлага ирж, коронавирусийн зөвлөмж, зөвлөгөөг авсан. Шуурхай 119 гэсэн мобайл аппликейшныг ашиглан 58 дуудлага ирсэн. Үүнд АНУ, Швед, Япон гэсэн 7 улсаас 16 иргэн хандаж зөвлөгөө авсан. Мөн иргэд утсаар холбогдон гадуур амны хаалтгүй явж байгааг анхааруулсан” гэв.