А.Амбасэлмаа: ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 28 тохиолдлын биеийн байдал тогтвортой

2020-05-11

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ. Мэдээллийн үеэр тусгаарлагдсан сэжигтэй тохиолдол бий эсэх болон тусгаарлагдсан иргэдийн давтан шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа. Тэрээр "Тавдугаар сарын 10-нд Монгол Улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

Өчигдөр ХӨСҮТ-ийн Вируслогийн лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 107 хүнд шинжилгээ хийхэд бүгд СӨРӨГ буюу шинэ коронавирусийн халдваргүй гарсан. Тодруулбал

ХӨСҮТ, Дорноговь, Дархан-Уул болон нийслэлийн ажиглах байруудад тусгаарлагдсан нийт 82 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.

Дархан-Уул аймгийн салбар лабораторид Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

ХӨСҮТ-д 107 хүн ажиглалт, тусгаарлалтад байна.

Мөн одоогоор ХӨСҮТ-д эмчлэгдэж буй 28 тохиолдлын биеийн байдал тогтвортой, дунд, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Дөрөвдүгээр сарын 30-нд ирсэн Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр ирсэн хүмүүст хоёр удаагийн давтан шинжилгээ хийсэн. Зарим тохиолдолд нь гурван удаагийн шинжилгээ хийлээ. 

Энэ долоо хоногт Франкфурт, Сөүлээс ирсэн хүмүүсийн давтан шинжилгээг үргэлжлүүлэн хийнэ" гэв.