Коронавирусээс сэргийлэх ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ АРГУУД

2020-04-22

БНХАУ-аас эхтэй, үхлийн аюултай коронавирусийн халдварын тархалт дэлхий нийтийг түгшээж байна. Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх хийгээд эмчлэх үр дүнтэй аргыг эрдэмтэд одоогоор нээж чадаагүй боловч өмнө нь дэгдэж байсан “MERS”, “SARS” зэрэг халдварт өвчинтэй тэмцэхэд хэрэглэж байсан хамгийн үр дүнтэй аргуудын зөвлөж буй юм. Та өөрийгөө болон гэр бүлээ “COVID-19”  вирусийн халдвараас хамгийн энгийнээр сэргийлж болох эрдэмтдийн өгсөн дараах 10 зөвлөгөөг дагаарай.

  • Гэрээсээ гарахдаа заавал БЭЭЛИЙ өмсөөрэй
  • Энэхүү вирус нь гар хүрэлцэх замаар халддаг байж болзошгүй гэж эрдэмтэд анхааруулж байна. Тиймээс олон нийтийн газар, нийтийн тээвэрт зорчихдоо үргэлж бээлий өмсөөрэй. Мөн гадуур яваад гэртээ ирмэгцээ өмсөж явсан хувцсаа тогтмол ариутгаж байхыг зөвлөж байна.

  •  Гар барьж мэндлэхээс зайлсхийх
  • Хэн нэгэнтэй гар барьсан тохиолдолд заавал гараа угааж хэвшээрэй. Гараа угаалгүйгээр нүүр, нүд, хамраа нухаж болохгүй. Гараа угаахдаа сайтар савандаж угаахын зэрэгцээ гар ариутгагч тогтмол хэрэглээрэй.

  • Амны маскыг тогтмол сольж зүүх
  • Ихэнх амны маск дээд тал нь 1-2 цагийн хугацаанд зүүж хэрэглэхэд зориулагдсан байдаг. Тиймээс тогтмол сольж, угааж зүүж байхыг анхааруулж байна.

  • Чийгтэй хувцаснаас татгалзаарай
  • Бээлий болон гадуур өмсдөг хувцсаа тогтмол угаа. Ямар ч тохиолдолд чийгтэй хувцас өмсөж болохгүй. Учир нь корона вирус чийгтэй орчинд тэсвэртэй байх магадлалтай.

  • Гэр, тасалгаагаа ариутгах
  • Гэрийн нөхцөлд ариун цэврийн өрөө болон гал тогоон дахь бүх алчуурыг тогтмол ариутгах. Эсвэл гэр бүлийн гишүүдийн тоогоор шинэ алчуур гаргахад гэмгүй. Харин оффисын нөхцөлд нэг удаагийн цаасан алчуур, хатаагч зэргийг хэрэглэхийг зөвлөж байна.

  • Хаалганы бариуланд бүү хүр
  • Хаалга онгойлгохдоо аль болох гараараа барихгүй байхыг хичээгээрэй.  Хаалганы бариул дээр вирус, нян наалдсан байдаг учир дээр дурдсанчлан бээлий өмсөхийг зөвлөж байгаа нь ийм учиртай. Тиймээс хаалганы бариул, гар утас, зурагтын удирдлага, компьютерын хулгана, гар зэрэг гараар барьдаг бүх зүйлийг ариутгах шаардлагатай.

  • Зөвхөн өөрийн аяга, халбагыг хэрэглээрэй
  • Хооллохдоо ямар ч тохиолдолд зөвхөн өөрийн аяга, таваг, халбага, сэрээ, савхаар идээрэй.  Хамгийн чухал нь хүүхдэдээ хүний уусан аяганаас уухгүй байхыг сануулж, ундааны соруул мэтийг ам дамжуулан хэрэглэхгүй байхыг сануулаарай. Мөн  “COVID-19” вирусийн тархалт намжих хүртэл хувааж иддэг ази хоолноос татгалзахын зэрэгцээ аль болох гадуур хооллохоос зайлсхийхийг зөвлөж байна.

  • Ан амьтан, загасны махнаас татгалзаарай
  • Вирусийн эх үүсвэрийг эрдэмтэд тогтоох хүртэл аль ч тохиолдолд ямар нэгэн ан амьтан, загас зэргийг хүнсэндээ хэрэглэх, худалдан авахаас татгалзаарай. Түүнчлэн нойтон маханд хүрэхдээ заавал нэг удаагийн бээлий хэрэглэж, нэн даруй устгаж байх шаардлагатай.

  • Тогтмол агаар сэлгэж байх
  • Боломж гарах бүрд гэр болон албан тасалгааны цонх, хаалгыг нээж агаар сэлгэж байгаарай. Учир нь вирус агааржуулалт, агаар сэлгэлт сайтай нөхцөлд үржиж чаддаггүй.

  • Өвчтэй хүнтэй харьцахдаа өөрийгөө хамгаалаарай
  • Хэрэв та халуурч буй эсвэл өвчний шинж тэмдэг илэрсэн гэр бүлийн гишүүнээ асарч байгаа бол түүнтэй ойртох бүрдээ үргэлж амны хаалт зүүгээрэй. Мөн амны хаалтыг солих бүрдээ нэг удаагийн резинэн бээлий өмсөж, аль алийг нь сайтар битүүмжлэн нэн даруй хаях хэрэгтэй. Өөрийгөө хамгаалахын тулд нэг удаагийн хэрэгслээс гадна урт ханцуй, хоолойтой зүйл өмсөх нь зүйтэй.

Эцэст нь, хүн төрөлхтнийг “сандаргаж” буй энэ вирусийн дэгдэлтийг зогсоож, шинжлэх ухаан ялах хүртэл зөвхөн та л өөрийгөө болон хайртай дотнын хүмүүсээ үхлийн аюулаас сэргийлэн, хамгаалж чадна.

"Four seasons" олон улсын сэтгүүл, 70 дахь дугаараас