Антибиотикийн зохисгүй хэрэглээг зогсооё

2019-10-03

Хүн төрөлхтөн 1940 онд антибиотик гээд гайхамшигтай эмийг нээж, зах зээлд нийлүүлснээр сая сая хүний амийг аварсан түүхтэй. Гэтэл сүүлийн үед байгаль дээр байсан нянгийн омгууд асар их өөрчлөгджээ. Антибиотикийн нөлөөнд тэсвэржилтэй омгууд нь үлдсээр байгаад эмийн эмчилгээнд дархлаатай болсон байна. Ганц Монголд биш, дэлхий нийтэд ийм асуудал бий болсон.

Эм гэдэг нь аливаа өвчнийг эмчлэх зорилгоор тодорхой тун хэмжээгээр хэрэглэдэг онцгой бүтээгдэхүүн. Эмийг зөв сонгож, зөв хэрэглэж байж л хүссэн үр дүндээ хүрч чадна. Эмийг зохистой хэрэглэхийн тулд эмийн талаар мэдлэгтэй байх нь чухал. Ихэнх эм зөвхөн жороор олгогддог, нэг үгээр хэлбэл аюултай бүтээгдэхүүн юм. Эмийг зохисгүй хэрэглэснээр эмийн хордлого, харшил, дархлаа сулрах мөөгөнцөр, эмийн дасал, ургийн гажиг зэрэг бусад олон төрлийн өвчнөөс гадна ирээдүй хойч үеийг мөхөөх хүртэл сөрөг үр дагавартай.

Антибиотикийг эмчийн зааваргүйгээр хэрэглэх нь хамгийн түрүүнд эмчилгээг үр дүнгүй болгодог. Антибиотик гэдэг нь энгийн гаралтай халдварын үед хэрэглэдэг химийн бэлдмэл. Гэтэл үүнийг антибиотикийн мэдрэг чанар тодорхой­лох шинжилгээний хариуд үндэслэж хэрэглээгүйгээс, вирусын гаралтай халдварын үед хэрэглэх, тогтсон цагийн дагуу тодорхой тунгаар хэрэглээгүй зэрэг шалтгаануудын улмаас хүний бие махбодид сөрөг нөлөө үзүүлдэг байна. Ингэснээр аливаа өвчний эдгэрэлт удааширч, улмаар амь насанд аюултай. Антибиотикийн зохисгүй хэрэглээ гэдэг үхэлд хүргэх аюултай гэдгийг ойлгох хэрэгтэй.

Өвчилсөн л бол хамгийн түрүүнд эмчид хандах ёстой. Тухайн эмч энгийн гаралтай халдвар байна уу эсвэл ямар нэг үүсгэгчээр үүссэн өвчин байна уу гэдгийг тогтооно. Хэрэв энгийн гаралтай халдвараар үүссэн байвал заавал эм судлалын шинжилгээ хийлгэх шаардлагатай. Ингэснээр өвчин үүсгээд байгаа тухайн үүсгэгчид ямар антибиотик тохирох вэ гэдгийг нь тодорхойлно. Хүн хүний антибиотикийн мэдрэг чанар өөр өөр гэсэн үг. Тиймээс антибиотик хэрэглэх шаард­лагатай л бол мэдрэг чанарын шинжилгээ заавал өгөх ёстой. Шинжилгээ өгөл­гүйгээр дурын антибиотик хэрэглэснээр эмийн дасал үүсэхээс гадна дархлааны системийг устгах аюултай. Дархлаа суларснаас халд­вар авах эрсдэл өндөр болно. Түүнээс гадна антибиотик гэдэг хүний бие махбодид байгаа хэвийн бичил биетүүд буюу хоол боловсруулах болон хамгаалах тогтолцоонд оролцож байдаг биетүүдийг устгадаг.

Нян судлалын шинжил­гээг бүх дүүрэг болон төрөлжсөн нарийн мэргэж­лийн эмнэлгүүдэд хийж байгаа. Тухайн иргэн өөрийн харьяаллын дагуу дүүргийнхээ Эрүүл мэндийн төвд өгнө. Шаардлагатай тохиолдолд ХӨСҮТ-д хандаж болно.

Гэхдээ шинжилгээ өгөөд өөрт тохирох антибиотикоо мэдсэн бол цаашид түүнийгээ л хэрэглэнэ гэсэн үг биш. Учир нь халдварын маш олон төрлийн үүсгэгч байдаг. Тиймээс өвчилсөн тохиол­дол бүрт шинжилгээ өгч, тухайн халдвар үүсгэгчид ямар антибиотик хэрэглэвэл зохих вэ гэдгийг тодорхойлох шаардлагатай. Түүнээс биш хүнд тохирсон антибиотик гэж байхгүй. Тухайн өвчин үүсгэгчийн төрөл зүйлтэй холбоотойгоор антибиотикууд өөр өөр байна.

Манайд антибиотикийн зохисгүй хэрэглээ газар авсан. Эмч бактерийн шинжилгээ аваад эмийн тэсвэртэй байдлыг үзэхээр хийх эм олдохоо байсан. Учир нь иргэд дур мэдэн эм хэрэглэснээр нөгөө өвчин үүсгэгч бактерууд нь антибиотикт тэсвэртэй болчихсон. Иргэд өөрсдөө эмч болж өөрсдийгөө эмчилдгээ зогсоох хэрэгтэй. Эмчийн заавраар шинжилгээ өгч байж эм хэрэглэхгүй бол хүндэрсэн үед хийх антибиотик олдохгүй болох аюул байна шүү гэдгийг эмч нар анхааруулсаар байгаа. Эм, бэлдмэлээр бөмбөгддөг арга хуучирсан. Дэлхий дахин эмээс татгалзан өөр зүйлийг хайж байна. Дэлхий улс орнууд өвчнөөс урьдчилан сэргийлэхэд илүүтэй анхаарч, иргэд нь эрүүл хооллолт, эмгүй эмчилгээ, хөдөлгөөнийг эрхэмлэж, өглөө оройд гүйж, алхаж, дугуй унан эрүүл мэнддээ анхаарах болжээ.

Сүүлийн үеийн судалгаагаар 2030 он гэхэд одоогийн хэрэглэж байгаа антибиотикт бүх нян тэсвэртэй болох нь гэсэн дүгнэлт хийцгээж байна. Хүн төрөлхтөн ямар эмийг сонгож нянг эсэргүүцэх талаар одоо ярьж эхэлж байна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ хамраас нус гоожингуут антибиотик хэрэглэх биш дархлааг нь сайжруулж, вирусийн эсрэг эм хэрэглэх ёстой. Хүчтэй антибиотикийг аль болох битгий хэрэглээч. Хэрэв хэрэглэвэл эмчийн заасан цагт, тохирсон тунгаар эмчлээч. Ингэхгүй бол эргээд таны эдийн засаг, эрүүл мэндэд хортой. Антибиотикт өрхийн орлогынхоо 20 хувийг зарцуулж байгаа судалгааны дүн бий. Эмийг зохистой хэрэглэснээр эрүүл мэндээ хамгаалаад зогсохгүй эдийн засгийн асар их хэмнэлт гаргах болно гэдгийг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна.

Антибиотик гэж юу вэ?

Төрөл бүрийн нянгаар үүсгэгдсэн өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг нян устгах үйлдэлтэй эмийн бэлдмэл. Харин вирусаар үүсгэгдсэн жирийн ханиад томуу болон суулгалтыг эдгээдэггүй. Антибиотикийг эмийн сангаас зөвхөн жороор авч хэрэглэх ёстой.

Антибиотикийг ямар үед хэрэглэх вэ?

Антибиотикийг зөвхөн нянгаар үүсгэгдсэн өвчний үед хэрэглээрэй. Харин вирүсээр үүсгэгдсэн ханиад, томуу, суулгалтыг эдгээдэггүй болохыг анхаарна уу. Антибиотикийг удаан хугацааны турш бага тунгаар эсвэл заасан хоногийн турш гүйцэд хэрэглэхгүй дутуу орхисноос өвчин үүсгэгч нян антибиотикт дасалтай болох аюултай. Иймээс та антибиотик эм хэрэглэж эхэлсэн бол зааврын дагуу зөв хэрэглэж хэвшээрэй.

Антибиотикийг буруу хэрэглэвэл:

Өвчний шинж тэмдгийг бүдгэрүүлж, оношлоход төвөгтэй болгоно. Өвчин архагшина.

Тунг хэтрүүлэн хэрэглэвэл:

Зөвхөн өвчин үүсгэх нянг устгаад зогсохгүй, хүний биед ашигтай бусад нянгуудыг устгаж мөөгөнцөр, вирус зэрэг бичил биетэнг үржих боломжийг бүрдүүлдэг.

Антибиотикийн дасан зохицол гэж юу вэ?

Антибиотикийг бага тунгаар удаан хугацаагаар эсвэл эмчилгээний үргэлжлэх хугацааны турш бүрэн хэрэглэхгүй дутуу орхисноос антибиотикийн дасал үүсдэг. Антибиотикийг эмчийн зааваргүй, өөрөө дур мэдэн буруу хэрэглэх нь түүнд дасалтай болох гол шалтгаан болдог. Хэрвээ ямар нэг антибиотикт дасалтай болсон бол тэр антибиотик төдийгүй түүнтэй адил бүлгийн бусад антибиотик ч үйлчлэхгүй болох аюултай.

Антибиотикийг жороор хэрэглэхийн ач холбогдол

Эмч таны өвчинд тохирох антибиотикийг сонгож өгнө. Ямар тунгаар өдөрт хэдэн удаа, хэд хоног хэрэглэхийг зааж өгнө. Эмчийн зааврын дагуу хэрэглэснээр таны өвчин бүрэн эдгэх болно.

Антибиотикийг зөв хэрэглэхийн тулд:

  – Антибиотикийн мэдрэг чанарыг үзүүлж, өөрт тохирох антибиотикийг хэрэглэх
  – Антибиотикийг зөвхөн нянгаар үүсгэгдсэн халдварт өвчний үед эмч зөвлөсөн тохиолдолд хэрэглэх
   – Антибиотикийг эмчийн заасан тунгаар зөвлөсөн хугацааны турш гүйцэд хэрэглэх
   –Ихэнх антибиотикийг хооллохоос 30-60 минутын өмнө хэрэглэдэг боловч заримыг нь хоолны дараа хэрэглэдэг тул тухайн эмийн заавраас харж зөв хэрэглэх

Антибиотикийг хэрэглэхэд анхаарах зүйл:

Хэрвээ ямар нэгэн антибиотик танд таардаггүй бол эмчид үзүүлэхдээ заавал хэлээрэй.

Тухайн антибиотикийг уух боломжтой үед хэзээ ч тариагаар бүү хэрэглээрэй. Зөвхөн шаардлагатай үед л тариагаар хэрэглээрэй.

Антибиотикийг ялангуяа хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхэд  маш болгоомжтой хэрэглээрэй. Учир нь тетрациклин, левомицетин зэрэг антибиотик нь хүүхэд болон урагт хортой нөлөө үзүүлдэг. Хэрвээ антибиотик хэрэглэмэгц арьс улайж тууралт гарах, загатнах, амьсгал давчдах, болон харшлын ямар нэг шинж  илэрвэл, хэрэглэхээ зогсоож эмчдээ даруй мэдэгдээрэй.