А аминдэм дутлын шалтгаан

2019-05-06

Хүний бие дэх А аминдэмийн нөөц багассанаас үүсэх эмнэлзүйн илэрхий ба далд шинж тэмдэг бүхий эмгэгийг А аминдэм дутал (ААД) гэнэ. А аминдэм нь хүний биед нийлэгждэггүй, хоол тэжээлээр зайлшгүй авах шаардлагатай, тосонд уусдаг аминдэм юм.

А аминдэмийн дуталд тав хүртэлх насны хүүхэд, хөхүүл эх, улаан бурхан, салхин цэцэг, суулгалт, амьсгалын замын өвчин зэрэг халдварт өвчнөөр өвчилсөн хүүхэд, уураг илчлэг дуталтай хүүхэд өртдөг.

Иймд А аминдэмийн дутлаас сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг баримтлаарай. 

  • 6-59 сартай хүүхэд бүрт А аминдэмийн тосон бэлдмэлийг жилд хоёр удаа харьяа сум, өрхийн эмнэлгээсээ авч уулгах (жил бүрийн 5 болон 11 дүгээр сарууд)
  • Хүүхдийг зургаан сар хүртэл нь зөвхөн эхийн сүүгээр хооллох. Учир нь эхийн сүү А аминдэмээр хамгийн баялаг байдаг.
  • Хүүхдийг нэмэгдэл хоолонд орсон цагаас үнээний сүү, үхэр хонины мах, элэг, цөцгий, шар лууван, хулуу, чацаргана зэрэг А аминдэмээр баялаг хүнсийг 7 хоногт гурваас цөөнгүй удаа хэрэглэх зэрэг нь А аминдэм дутлаас сэргийлнэ. 

А амин дэмийн түгээлт эхэлсэн тул харьяа Өрхийн эрүүл мэндийн төвөөсөө авахыг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсээс мэдээллээ.