Элэгний хорт хавдрыг эрт үед нь эмчлэх шинэ аргыг нэвтрүүллээ

2019-02-27

Монголд таван хүн тутмын нэг нь хорт хавдраар нас барж байна. Гол шалтгаан нь Амьдралын буруу хэвшил, архи согтууруулах ундааны зохисгүй хэрэглээтэй холбоотой. Мөн нас баралтын шалтгаан өндөр байгаа нь эмчлэгдэх боломжгүй үедээ оношлогдож байгаатай холбоотой юм. Хэрэв эрт үед нь эмчилгээ хийлгэвэл амь насанд эрсдэлгүй. Манайд ч энэ төрлийн эмчилгээний шинэ аргуудыг нэвтрүүлсээр байна.

2008 онд ХСҮТ өндөр давтамжтай радио долгионоор хавдрыг түлэх эмчилгээг нэвтрүүлж байжээ. Шинээр нэвтрүүлсэн энэхүү арга нь төгс эмчилгээний арга гэж тооцогддог. 3 хүртэлх см-тэй хавдрыг түлэх боломжтой.

3 см дээш хэмжээтэй хавдрыг өндөр давтамжтай радио долгионоор түлж эмчлэх боломжгүй. Тиймээс Хавдар судлалын үндэсний төв өнгөрсөн оноос эхлэн хорт хавдрыг эрт үед нь эмчлэх шинэ аргыг нэвтрүүлжээ. Энэ арга нь бичил долгионоор түлэх эмчилгээ юм. Гол давуу тал  7 см хүртэлх хавдрыг эмчлэх боломжтой.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 30 оронд энэ аргыг нэвтрүүлээд байна. Элэгний хорт хавдар эрт үедээ байгаа 80 гаруй хүнд хагалгаа хийсэн. Хэрэв эдгээр хүмүүс эрт үедээ эмчилгээ хийлгээгүй бол амь нас нь эрсдэх аюултай байжээ.  

Иргэд энэ төрлийн эмчилгээг хийлгэхээр ихэвчлэн урд хөршийг зоридог байсан юм. Зардлын хувьд 5000$-оос эхэлдэг. Эх орондоо бид шинэ төрлийн аргыг нэвтрүүлснээр иргэдэд үүсэх санхүүгийн дарамт багассан. Мөн эрүүл мэндийн даатгалын сангаас 75 хувийг төлөх юм. Бид сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлснээс гадна эмч мэргэжилтнүүдээ сурган дадлагажуулснаар бичил долгионоор эрт үедээ байгаа элэгний хорт хавдрыг түлэх эмчилгээг хийх боломжтой болсон.