Гэмтлийн эмнэлгийн эмч нар өвдөгний үеийг хагас солих мэс заслыг нэвтрүүлжээ

2019-01-03

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Т.Мөнхсайханаар ахлуулсан багийнхан Unicompartmental knee arthroplasty  /UKA/ буюу өвдөгний үеийг хагас солих мэс заслыг амжилттай нэвтрүүлжээ.

Энэхүү мэс засал нь сүүлийн жилүүдэд дэлхийн томоохон орнуудад ихээр хийгдэх болсон ба үр дүн нь батлагдаад байгаа мэс засал юм. Тэгвэл тус мэс заслын аргыг манай улсад нутагшуулах ажлыг эрүүл мэндийн салбарынхан эрчимтэй эрэлхийлсний үр дүнд ийнхүү нэвтрүүлээд байна.

Өвдөгний үеэр өвдөх зовууртай хүмүүс маш олон байдаг. Тэр дундаа настай хүмүүс өвдөгний үенд "яс ургасан" хэмээн ярьж заншсан байдаг. Тэгвэл энэхүү "яс ургасан" гэх эмгэг нь дөрвөн үе шаттай явагддаг ба сүүлийн шатандаа орсноор өвдөгний үеийг бүрэн солих мэс засал хийгдэх шаардлагатай болдог байна.

Энэхүү өвчин бий болж буй шалтгааны 90 орчим хувь нь өвдөгний үеийн дотор талын дарагдал, сөнөрөл, элэгдэлтэй холбоотой байдаг аж.

ГССҮТ-д шинээр хийгдэж эхэлсэн энэхүү мэс засал нь зөвхөн өвдөгний үеийн сөнөрөлд орсон буюу өөрчлөлт бүхий хэсгийг мэс заслын аргаар хэсэгчлэн авч өвдөгний үеийг солих мэс засал юм.  Дээрх мэс заслыг бүхий л насны өвчтөн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэн оношлуулж, шалгуур үзүүлэлтүүдийг хангаснаар хийлгэх боломжтой аж.

ГССҮТ-ийн мэс засалч эмч нарын баг хамт олон өвдөгний үеийг хагас солих мэс заслыг амжилттай хийж байгаа нь манай улсын эрүүл мэндийн салбарт гарч буй томоохон амжилтуудын нэг болж буй аж.