Жирэмсэн эхчүүд, хүүхдүүдийг эрүүл агаарт амраах саналыг дэмжсэнгүй

2018-12-21

Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхлэх гэж байна. Өнөөдрийн хурлаар агаарын бохирдлын голомтод байгаа эх, хүүхдийг улсын зардлаар эрүүл агаарт амраах асуудлыг эцэслэн шийднэ гэж байсан юм. Гэвч энэ асуудлыг Засгийн газар дэмжихгүй гэсэн шийдвэр гаргаж, хэлэлцэх асуудлаас хассан байна. 

Энэ талаар "Эх, хүүхдийг хотын ойролцоо амралтын газарт 5 хоног амраах тухай ТББ-аас ирүүлсэн саналыг Засгийн газар дэмжихгүй. Өнөөдрийн хэлэлцэх асуудлуудаас хассан" хэмээн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өөрийн цахим хуудастаа бичжээ.

Утааны эсрэг ээж, аавуудын холбоо утааны голомт дунд байгаа жирэмсэн ээж, 0-5 насны хүүхдүүдээс амьжиргааны түвшин доогуур айлын ээж, хүүхдүүдийг утааны улиралд нэг удаа ч болов цэвэр агаарт сувилалд байлгах ажлыг зохион байгуулахыг холбогдох яамдуудад тавьсан. 

НХХЯ судалгааг хийснээр Улаанбаатар хот орчмын нийт 29 сувилал, эмнэлэг, зарим амралттай хөнгөлөлттэй үнээр эх хүүхдүүдийг нэг удаа тав хоногоор, 18 ээлжээр амраахад 8.7 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоог гаргасан байсан юм.